Тогтвортой хөгжлийн ЗОРИЛГО
Товч бөгөөд тодорхойгоор тайлбарлавал “Тогтвортой хөгжлийн зорилгууд” бол хүн төрөлхтний 2030 он гэхэд хийж гүйцэтгэх ёстой “гэрийн даалгавар” юм. 2015 оны 9-р сард НҮБ-ийн гишүүн 193 орны төрийн тэргүүд бүгд санал нэгтэйгээр энэхүү хөтөлбөрийг баталсан билээ. Ирэх 15 жилд улс орнууд ядуурлыг устгаж, тэгш бус байдалтай тэмцэн, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлж, хэнийг ч ардаа үлдээхгүй байхад анхаарах арга хэмжээнүүдийг дэс дараалалтайгаар авч хэрэгжүүлэх учиртай.
Мянганы Хөгжлийн Зорилтын (MDGs) амжилт дээр суурилсан энэхүү зорилгуудыг гүйцэлдүүлсэнээр бид бүх түвшинд ядуурлыг бүрэн устгасан анхны үе болох боломжтой. Энэ зорилгод хүрэхийн тулд орлогын түвшин, шашин шүтлэг, газар нутгийн хэмжээ зэргээс үл хамааран бүх улс орнууд хамтдаа нэгдэж, хүчин зүтгэх ёстой билээ.


Нийт 17 зорилго үүнд хамаарна. Ядуурал, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндээс эхлээд бидний амьдарч буй нийгэмд, дэлхийн хаана ч очсон түгээмэл тулгардаг асуудал бэрхшээлүүдийг энд багцалсан юм. Эдгээр 17 зорилгод хүрэхэд зайлшгүй биелүүлэх шаардлагатай 169 зорилт мөн бийг мартаж болохгүй. Төгс төгөлдөрт дөхсөн нийгмийг бүтээх хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлэх эхний алхам бол эдгээр зорилгуудад хүрэх явдал мөн.
Энэ бол зөвхөн төрийн тэргүүд, мэргэжилтнүүдийн санаа бодол биш. НҮБ дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй зөвлөлдөөнийг цахим орчинд явуулж, олон нийтийн санаа бодлыг хүлээн авсан нь олны талархлыг хүлээсэн. Олон нийтийн саналыг салбар бүрийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор улам боловсронгуй болгон хөгжүүлсэн нь эцс ийн дүнд 17 зорилго болж тодорхойлогдсон билээ. Зарим үед хэтэрхий их, хэтэрхий өргөн хүрээтэй хэмээн шүүмжлэгддэг ч дэлхий нийт бүгд нэгэн тийш харахад тоо тийм ч чухал биш байлтай.

