Хүн төрөлхтний зэрлэг амьтнаас ялгагдах онцлог нь өөрийн амьдрах орчноо амар амгалан байлгаж, ирээдүйгээ ухамсартайгаар төлөвлөж, байгаа бүхнээ ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн хүсэл тэмүүлэлээрээ ялгаатай байдаг.
Иймээс өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг төлөвлөн зохион байгуулахдаа хойч үеийнхэндээ байгалийн нөөц баялгийг зөв зохистой хэмжээгээр эдэлж хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхээр зохицуулах шаардлага тулгарч байна.


Тогтвортой хөгжил гэдгийг эдийн засгийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бүрэн тооцож, дахин хэрэглэж, нөхөн сэргээж болохуйц бүрэн шавхагддаггүй байгалийн нөөцийн ашиглалт дээр үндэслэсэн хүрээлэн буй орчинд халгүй Эдийн засгийн хөгжлийн үзэл баримтал гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн эдийн засгийг хөгжүүлэхээс гадна, байгаль орчныг хамгаалах, нийгмийн амар тайван байдал, уламжлалт соёл зан заншилд зохицсон хэрэглээг дэмжсэн нийгэм, эдийн засгийн тэнцвэрт хөгжлийг хангахыг хэлнэ.
Хүн төрөлхтөн өнөөдрөө аргацаасан хөгжлийн загвараа өөрчлөхгүйгээр цаашид үргэлжлүүлбэл манай дэлхийд байгаль орчны сүйрэл, эдийн засгийн хямрал, нийгмийн шудрага бус хувиарлалт улам нэмэгдэнэ гэдгийг танин мэдсэний үр дүнд илүү ирээдүйд чиглэсэн, хувьсал өөрчлөлтөд нээлттэй Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын загварыг дэлхийн томоохон улс орнууд боловсруулсан байна.
Хэдийгээр тогтвортой хөгжил гэсэн ойлголтыг олон өнцгөөс харж тодорхойлж байгаа ч “Шударга ёс” гэсэн ухагдахуунтай салшгүй холбоотойг нийтээр хүлээн зөвшөөрөх болжээ. Тухайлбал, өнгөрсөн, одоо, ирээдүйн үеийнхний өмнө шударга байж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжил нь бие биеэ золиослохгүй байхыг чухалчлах болсон байна.

